Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд адмирал Дун Жунь-ийн урилгаар энэ оны 09 дүгээр сарын 17–19-ний өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдаж буй Батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх “Шяншань” олон улсын форумд оролцож байна.
БНХАУ-д уламжлал болгон зохион байгуулдаг “Шяншань”-ийн олон улсын аюулгүй байдлын чуулга уулзалт нь 12 дахь жилдээ болж байгаа бөгөөд “Олон улсын дэг журмыг хамтаар хамгаалж, аюулгүй байдлын томоохон асуудлуудыг хэлэлцэж, энх тайван хөгжлийг ахиулах, тэгш эрх, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан суралцах, дэлхийн тогтвортой энх тайван, бүх нийтийн аюулгүй байдлыг хангах” үзэл санааны дор зохион байгуулагддаг. Жил бүр дэлхийн 100 гаруй орны батлан хамгаалахын сайд, олон улсын аюулгүй байдлын судлаач нар оролцож, олон улсын аюулгүй байдлын талаарх байр сууриа илэрхийлдэг байна.
Энэхүү чуулга уулзалтад оролцсоноор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тэдгээрийн талаарх бусад орны байр суурийг сонсох, Монгол Улсын байр суурийг илэрхийлэх, түүнд оролцогч батлан хамгаалахын сайд нартай харилцан санал солилцох боломжтой чухал арга хэмжээнд оролцож байна.