Олон улсын эрдэмтэн судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлээ хэлэлцдэг "YERSINIA" 15 дахь удаагийн симпозиум Улаанбаатар хотноо буюу өнөөдөр эхэллээ.
Сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан "Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт"-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ.
Тарваган тахал "Yersinia pestis" гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй.
Энэ үеэр тарваган тахал өвчний эрсдэл өнөөгийн нөхцөл байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Б.Амгаланбаяраас тодрууллаа.
Тэрээр, "Тарваган тахал бол дэлхийн түүхэнд хамгийн аюултай, олон хүний амь насыг авч одсон халдварт өвчин. Монголчуудын хувьд ч энэ өвчний талаар мэдэхгүй хүн байхгүй. Учир нь тарвага эртнээс хүнсний нэг хэсэг байж ирсэн бөгөөд түүнийг агнах, хэрэглэх явцдаа халдвар авах эрсдэл өндөр байдаг. Монголчууд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухаан, хамгаалах уламжлалт зан үйлтэй байсан бол заримдаа дайсанд халдвар тараах тактик болгон ашиглаж байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
Энэ өвчин зөвхөн монголчуудын бус, хүн төрөлхтний хамгийн том дайснуудын нэг байсан, одоо ч хэвээр байна. Тиймээс улс орнууд тарваган тахлыг өндөр ач холбогдолтойгоор авч үзэж, урьдчилан сэргийлэх, тохиолдол илэрсэн үед тархалтыг хүнээс хүнд дамжуулахгүй байх чиглэлээр маш шуурхай арга хэмжээ авдаг. Монгол Улс ч энэ зарчмаар ажиллаж байгаа.
Өнгөрсөн хугацаанд манай улсад тарваган тахлын 3 тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал, Хөвсгөл аймагт гарсан дэгдэлтийн дараа олон улсын эрдэм шинжилгээний симпозиум зохион байгуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн тарваган тахлын улмаас явагдаж байгаа арга хэмжээ бус, нийтдээ 15 дахь удаагаа болж буй олон улсын симпозиум юм.
Анх 1967 онд Франц улсад эхэлсэн уг хурлыг хамгийн сүүлд 2023 онд ОХУ зохион байгуулсан бөгөөд энэ удаад Монгол Улс эрх авч, зохион байгуулж байна. Хурлын хүрээнд 4 тивийн 13 улсаас нийт 67 судлаач, мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд зөвхөн тарваган тахал төдийгүй зоонозын халдварт өвчин буюу мал, амьтнаас хүнд дамждаг өвчний талаар хамтдаа хэлэлцэж байна.