О.Элбэгтөгс: Хувийн театртай болох амбиц надад байна

 “Утга зохиолын долоо хоног"  аяны хүрээнд  “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ыг МЗЭ, СУИС, УДЭТ хамтран зарласан юм. Тус уралдааны хоёр төрөлд цахиур хагалж, түүхэн сэдэвт жүжгийн зохиолын төрөлд “Доголон Төмөр: Алтан илдийн гэсгээл” бүтээлээр III байр, Хүүхэд, залуучуудын сэдэвт  “Тэнгисийн хоёр эрэг” бүтээлээр Тэргүүн байр эзэлсэн “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгстэй ярилцлаа. 

-Улс даяар өрнөсөн “Утга зохиолын долоо хоног” аяны шинэ бүтээлийн уралдаанд хоёр ч төрөлд цахиур хагалсан танд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Зохиолч, уран бүтээлчдийг ингэж дэмжнэ гэдэг миний санахад ойрын жилүүдэд гараагүй шинэ үзэгдэл, том боломж  санагдсан. Гэхдээ тогоонд нь яваа  уран бүтээлчид юу дүгнэж байна вэ?

-Таны хэлсэнтэй санал нийлнэ. Ялангуяа жүжгийн зохиол дээр үнэлгээ гэдэг зүйлийг ярих ёстой санагддаг. Би сүүлийн арваад жил энэ төрлөөр бичиж, нэлээд хэдэн уран бүтээл УДЭТ болон орон нутгийн театруудад тавигдсан. Үнэлгээ бага байдаг. Мэдээж төсөвт байгууллагууд учраас тэрэндээ захирагддаг. Нөгөөтэйгүүр, энэ удаа “Утга зохиолын долоо хоног” аяныг гурван байгууллага хамтран зохион байгууллаа. Драмын урлагийн хүрээнд ярихад хувийн театрууд олноор байгуулагдсан. Зөвхөн УДЭТ гэлтгүй  өрсөлдөөн их болсон. Үүнийг соргогоор мэдэрч МЗЭ, СУИС, УДЭТ хамтран түрүүн таны хэлснээр тодорхой хэмжээний төсөв мөнгө, шагнал урамшууллын хувьд ч  өндөр дүнтэй уралдаан зарласан нь уран бүтээлчдэд том боломж юм. Миний хувьд үүнийг юу гэж харж байна вэ гэвэл, драмын чиглэлээр бичиж туурвиж байгаа уран бүтээлчдэд  “ийм  байх юм шүү” гэсэн үнэлгээ  тогтоож байгаа хэлбэр юм болов уу. Академик театр, СУИС гээд мэргэжлийн байгууллагууд үүнд оролцсон шүү дээ. Тиймээс их баяртай байгаа.

-Ер нь  жүжгийн зохиолчид бүтээлээ  театруудад ямар үнээр өгдөг вэ?

-Ний нуугүй хэлэхэд бид нэг жүжгийн зохиол бичээд таван сая хүрэхгүй үнээр   зардаг. Төвийн болон орон нутгийн театруудад тэгж үнэлнэ шүү дээ. Тэгэхээр босго тогтоосон, үнэлгээ ийм байна  шүү гэдгийг тодотгож өгсөн зүйл боллоо гэж баяртайгаар хүлээн авч байна.

-Жүжгийн зохиол  ховордсон нь бас нэг шалтгаан болсон байх?

-Ерөнхийдөө тайзны чиглэлээр бичиж, туурвиж байгаа уран бүтээлч ховор гэж үздэг юм байна лээ. Манай үеийнхээс л гэхэд гарын таван хуруунд багтах уран бүтээлч жүжгийн зохиол бичиж байна. Саяын уралдаанаас харахад, манай доод үеийнхэн, дүү нар идэвхтэй оролцлоо. Мөн Д.Уранхай гуайгаас өгсүүлээд Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат нарын ахмад үеийн том  уран бүтээлчид бичиж туурвиж байна. Манай үеийнхнээс ч бас бичиж байгаа. Тиймээс олон залуусын нээж, цаашид жүжгийн зохиол бичих сонирхлыг нь татаж чадсан, цаг үеэ олсон уралдаан боллоо гэж харж байна.

-Тэгэхээр  өөрийн чинь хувьд жүжгийн зохиол руу   “нүүж” байгаа юм байна. Уншигчийн хувиар надад мэдрэгдсэн нь шүлэг бол танаас  аяндаа урсаж байдаг шиг ээ. Яруу найргаа бол орхиогүй биз дээ?

-Би багаасаа л уран зохиолд татагдаж орсон. Олонх уран бүтээлч яруу найргаар эхэлж уран зохиолын бусад томоохон хэлбэр рүү хөрвөдөг жишгээр анх шүлэг бичиж, таван ном гаргасан.Одоо ч бичиж  байна. Гэхдээ  ном гаргахаас илүүтэй яруу найргийг сонирхлоороо, тухайлбал мэдрэмжээ цаасан дээр буулгах гэх юм уу, сошиад хөгжсөн болохоор хааяа пост хийж уншигчдад хүргэх байдлаар явж байна. Магадгүй ном гаргая гэвэл хэдэн жилийн дараа овоо нөөцтэй байхаар...

- Үргэлжилсэн үгийн төрөл, тэр дотроо жүжгийн зохиол бол  шүлэгтэй адилгүй. Удаан ноцолдож байж гараас гарна байх?

-Мэдээж шүлэгтэй адилгүй, уран зохиолын төрөл зүйлүүд дотроо романтай дүйхүйц. Анх жүжгийн зохиол бичих амархан юм байна, хэдэн дүрийг хооронд нь яриулаад болчих мэтээр дэврүүнээр бодож явсан. Анх бичиж эхэлснийг бодвол одоо тодорхой хэмжээний туршлага суусан. Тэгэх тусам халшрах мэдрэмж авч, энэ төрөл жанрын хүнд хэцүү сорилтуудтай тулаад үнэхээр бэрх юм байна гэдэг ойлголтыг авч байгаа. Тэр мэдрэмжийг авснаар ахмад үеийнхээ уран бүтээлчдийг хайрлах, тэдний өвийг эргэж харах, Монголын жүжгийн зохиолын суурийг яаж зөв тавьж  вэ гэдгийг нь уншиж судалж, монгол үндэсний хэв шинжийг агуулсан энэ хэлбэрийг нь цаашид хэрхэн хадгалж, авч явах вэ гэж боддог болсон. Драмын чиглэлээр бичиж байгаа хүний хувьд ахмад үеийн уран бүтээлчдийн бүтээлийг сөхөж хардаг. Тэгэх ч ёстой гэж боддог. Би МУБИС-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Нэг үе гадны уран бүтээлчдийг  уншдаг, судалдаг байсан бол эргээд Монголынхоо уран бүтээлчдийг уншдаг,  зохиолын хэлийг нь  судалдаг болсон. Одоогоос 50-60 жилийн өмнө хүмүүс зохиолоо яаж бичиж байв, ямар үг хэллэгүүд хэрэглэж байж вэ. Тэдгээр үг хэллэгүүд нь өнөөгийн бидэнд ирэхдээ хэрхэн хувирч өөрчлөгдөж вэ, яагаад тэгж хувирч байна вэ. Энэ болгоныг уншиж, судална гэдэг түүхэн жүжиг бичихэд  судалгаа болж өгдөг. Жүжгийн зохиол бичих тусам Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг эргэж харах, задлах, суралцах нь бас нэгэн  сургууль болж байна. Мэдээж цаг хугацаа их орно.Хамгийн гол нь энэ миний  туршлага гэх үү дээ, бусад уран бүтээлч яадгийг  мэдэхгүй. Би холхиод  бодоод л байдаг төрлийн хүн. Саяын уралдаанд зориулж бичсэн гэхээс илүү өмнө нь бодож, боловсруулж байсан зүйлүүдээ эмхэлж бичээд, өөрийгөө сориод үзье гэж оролцсон. Дөрвөн төрлөөр зарлагдсан уралдаанд гуравт нь бүтээлээ өгснөөс хоёрт нь шагнал хүртлээ. Нөгөө жүжиг маань ч гэсэн чамгүй амжилттай, сүүлийн тавд үлдсэн байна лээ. Энэ уралдааны нэг онцлог нь уран бүтээлчид өөрийн нэрийг бичээгүй. Шүүгчид ч хэний бүтээл болохыг мэдэхгүйгээр уншиж, дүгнэсэн. Тиймээс шүүлт шударга байсанд  их олзуурхсан.

- Миний бодлоор уран бүтээлчид тэр болгон халдаж зүрхэлдэггүй догшин хааны тухай  “Доголон Төмөр хаан:Алтан илдний гэсгээл”түүхэн жүжгийн зохиол  бичжээ. Зориглосон, зорьсон хэнбугайд ч Догшин хаан бол номхон сэдэв биш. Энэ санаа хэрхэн төрөв. Яагаад заавал Догшин Төмөр хаан гэж?

-Энэ зохиолоо бичихдээ өөртөө өндөр шаардлага тавьсан. Зарим нэгэн хэлний бэрхшээлээс үл шалтгаалан найз нөхөд, таньж мэдэх бүхэнд хандаж, гадны эх сурвалжууд болоод Монголоос өөрт олдож  болох бүхий л түүхэн эх сурвалжуудыг уншиж, судалсан. Өмнө нь болсон, болоогүй олон жүжиг бичсэн ч, энэ бүтээл бол томоохон судалгаа хийж бичсэн анхны түүхэн жүжгийн зохиол.

Чингис хааны байгуулсан Эзэнт гүрнийг хөвгүүд нь залгамжилж, түүнээс салбарлаж олон улс гүрэн байгуулагдсаны  нэг салбар  бол Доголон Төмөр хаан. Их Эзэн Чингис хаантай дээд угсаагаараа холбогддог, алтан ургийн төлөөлөл, мөн хүргэн ч гэж яригддаг. Би Алтан ордны улс гэх юм уу, Цагаадайн улс гэхчлэн Монголын Эзэнт гүрнээс салбарласан  олон улс гүрний түүхийг ихээхэн сонирхдог. Одоогоос 2-3 жилийн өмнөөс Доголон Төмөр хааны тухай тууж бичдэг юм билүү, ямар төрлөөр бичдэг юм билээ гэж дотроо бодож явсан. Тэгэхэд жүжгийн зохиол  бичсэн нь надад  илүү ойр санагдаж байлаа.

-Жүжиг бол тайзны бүтээл. Түүхэнд  “Дайны тэнгэр” гэж дурсагддаг  Төмөр хааны аль талыг нь  түлхүү харуулахыг хичээв?

-Түүхийн олон эх сурвалжид түүний Алтан урагт хүлээн зөвшөөрөгдсөн хаан болох, өөрийгөө Чингис хааны залгамжлагч гэж үздэг байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Яг тэр түүхийг нь илүүтэй товойлгож, Доголон Төмөр хаан бол манай Их Эзэнт гүрэн, ялангуяа Чингис хааны үйл хэргийг үргэлжлүүлэгч юм гэдэг талаас нь гаргахыг хичээсэн. Хоёрдугаарт, өнөөгийн манай нийгэм, цаг үе, улс төр, нөхцөл байдал ямар байгаа билээ. Хэдийгээр XIV зууны үйл явдал, Доголон Төмөр хааны амьдарч агсан цагийн үйл хэрэг тэнд дурдагдаж байгаа ч  өнөөгийн нийгмийн эмзэг байдлуудыг зохиолчийн зүгээс тэрхүү түүхэн цаг үетэй уяж бичихийг оролдсон. Эхлээд шүлэглэж бичиж байсан. Гол сэдэл авсан зүйл гэвэл, Доголон Төмөр хааны тухай хамгийн алдартай туурвил болох  Кристофер Марлоу  гэж Шекспирийн үед амьдарч байсан Английн нэрт жүжгийн зохиолчийн бичсэн “Тамерлан” жүжгийн зохиолыг  ерөнхийд нь харж байсан юм. Тэгээд би ч бас бичиж болох юм гэсэн бодол төрж байлаа. Тэгж явсаар сая уралдааны хүрээнд бичиж дуусгалаа.

-Түүхэн чиглэлээр дахиад бүтээл хийх үү?

-Юань гүрэн, Тогоонтөмөр хаан, Хөх Төмөр жанжны тухай жүжгийн зохиол бичиж байгаа. Энэ сэдвээр бүтээл хийхсэн гэж найман жил бодсон юм. Энэ жүжигт  Хөх Төмөр жанжны  тухай судалж, ном бичсэн  МУБИС-ийн доктор Д.Идэрээс зөвлөгөө авч байна.

-Найруулагчид хэр сонирхож байна вэ?

-Чанартай уран бүтээл туурвичихвал Монголд чадалтай  найруулагч  олон байгаа. Жүжгээ бэлэн болсон үед найруулагчидтай хамтарна гэж боддог. Нөгөө талаас жүжгийн зохиол оролдож, бичиж эхлээд явж байгаа залуу  хүний хувьд  надад хувийн театртай болохсон гэсэн амбиц  байдаг. Одоогоор  тамга тэмдгээ аваад,  цаасан дээр  бол албан ёсоор байгуулчихаад байна. Энэ онд биш гэхэд ирэх жил   жүжигчин, найруулагчидтайгаа хамтран  өөрийн бүтээлээр театрынхаа нээлтийг хийх зорилго тавьсан. Магадгүй өмнө бичээд хав дарсан болон одоо ярьж байгаа бүтээлүүдээ тайзнаа амилуулахын зэрэгцээ орчин үед ид бичиж  туурвиж байгаа  Монголынхоо залуу жүжгийн зохиолчдын бүтээлийг олон нийтэд таниулдаг, сурталчилдаг театртай  болох хүсэл эрмэлзэл их байна.

-Түүхэн зохиол гэснээс сүүлийн үед бүгд л энэ сэдэв рүү хошуурах хандлага ажиглагдах болсонтой санал нийлэх үү?

-Түүхэн жүжиг гэдэг өнгөрсөн цаг хугацаа эсвэл түүхт хүний тухай л бичдэг. Түүхийг маш сайн судалж, түүхэн үнэнийг  гажуудуулахгүйгээр уран сайхныг шингээж өгч байж тэр бүтээл болно. Хүннү гүрэн, Их Монгол Улсын үе, түүнээс өмнөх үе  гээд явахаар үзэгчид нь орчин үеийн, XXI зууныхан учраас өнөөгийн гоо зүйн үнэлэмж, өнөөгийн ёс суртахуун гээд нийгмийнхээ дэвсгэр дээр хийхгүй бол болохгүй. Өмнөх үеийн түүхэн сэдэвт жүжгүүдийг тухайн үеийнх нь үйл явдал, өрнөл хэмнэлээр бичнэ гэхээр мэдээж зөрчилдөөн үүснэ. Тиймээс манай үзэгчид ч гэсэн зарим бүтээлийг шүүмжилдэг. Зарим үзэгч тавилтыг нь, зарим нь үг хэллэгийг нь шүүмжилдэг. Тэгэхээр зохиолч, найруулагч аль аль нь   цаг үеэ мэдрэх хэрэгтэй. Ялангуяа  хэн үзэх билээ гэдгийг маш сайн бодох ёстой. XIII зууны тухай жүжиг байлаа гэхэд түүгээр залууст юу үзүүлэх вэ, юуг хүргэх вэ. Энэ талаас нь бодож байна гээд нөгөө жүжгийнхээ үг хэллэг болон үйл явдалд нь түүхэн үнэнийг гажуудуулж,  хэтэрхий өөрийн үзэл  санаа, уран сайхныг тулгаад байж бас болохгүй. Түүхэн үйл явдал, цаг үе, түүхт хүн, түүний дүр төрх  гээд түүхэн үнэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэдгээрийг орчин үеийнхээ үзэгчдийн амьдрал ахуй, үзэл санаатай барьцалдуулан уусгаж өгч байвал, найруулагчид ч гэсэн тайзнаа тавихдаа өөрийнхөө шийдлийг тийм байдлаар өгвөл сайн бүтээл болно байх. Гэхдээ манай найруулагчид бол чадалтай, бас харьцангуй том амбицтай нь харагддаг л даа. Дээр нь хувийн театрууд олноор байгуулагдаж, өрсөлдөөн их болчихлоо. Нэг үеэ бодвол сүүлийн хэдэн жил драмын урлаг кино урлагаасаа илүү ашиг орлоготой, үзэгч  ихтэй, тэрийг дагаад жүжигчин, найруулагчид нь өсөж хөгжиж, мэргэжлийн шүүмж судлаачид ч бий болж энэ салбарт залуус гарч ирж байна. Хэвлэл, мэдээллийнхэн ч гэсэн уран бүтээлчдийг аль болох дэмжиж, сурталчилж байгаа нь анзаарагддаг. Үүн дээр драмын урлагийн үнэ цэн бас харагдаж байна. Ингэж  тал талын оролцоотойгоор драмын урлаг хөгжиж байгаа нь эрүүл үзэгдэл. Үүнд би би их баяртай байдаг.

-Миний олж мэдсэнээр  та өөрийгөө таван аймагт хамаатай гэж тодорхойлноос  Хөвсгөлд очиж   суурьшжээ. Яруу найрагч Д.Галсансүх “Сэтгэл гэдэг эрхтэн” гэж шүлэглэсэн, харин  та “авьяас бол илүү эрхтэн” гэжээ. Энэ эрхтэн өөрт чинь хэнээс удамшив?

-Манай аавын талд бичгийн хүмүүс олон байдаг. Аав маань уран зохиолд дуртай, ном их уншдаг. Намайг багаас номд дурлуулсан. Манайх гэр дүүрэн номтой байл байлаа, одоогийнх шиг  гар утас, зурагт тэр үед  байсангүй. Ном  уншиж өссөн  нь надад нөлөөлж, шүлэг бичиж, улмаар уран зохиолтой холбогдсон. Дундговийн зохиолч, уран бүтээлч ах эгч нар намайг их дэмждэг байлаа. Тийм их урмаар тэжээгдэж байсан болохоор бичихээ орхилгүй, сүүлдээ амьдралын зорилгоо болгож, улмаар нэг насны үйлээ болгоод  явж байгаа  болов уу.

-Хөдөө ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвихын давуу талыг яруу найраг, өгүүллэг, жүжгийн зохиол гээд мориор бол  гурвалсан хүлэгтэй давхих болсноор харуулж байна уу гэж бодогдлоо. Цаашид өөрийгөө сорихыг хүсэж буй уран зохиолын  төрөл жанр гэвэл зөндөө л байгаа байх?

-Өмнө нь яруу найраг, өгүүллэгийн ном гаргасан. Тийм сайн ном биш ч өөртөө бол урамшаад тасралтгүй бичиж байна. Жүжгийн зохиол, романаас гадна болж өгвөл, ер нь чадаж л байвал  бүх төрлөөр туурвихыг хичээдэг. Ялангуяа 1980-аад онд төрсөн нэг үеийн залуус,  өнөө 40 нас шүргэж байгаа бидний хэдэн уран бүтээлч  роман хэмээх уран зохиолын хамгийн төвөгтэй хэлбэрээр бүтээлээ бичээд эхэлж байна. Хөвсгөлд Ц.Гончиг гэж найз маань “Тойром” романаа гаргасан. Ер нь бид хоорондоо ярилцаж, урам өгч, бие биеэ хөглөж байдаг. Оюутан байхдаа наймуулаа хамтарч  утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэм байгуулж  байлаа. Саяхан “Тагтаа” паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан маань романаа гаргасан. Өмнө нь тууж, өгүүллэг, орчуулгын номууд гаргаж байсан. Утга зохиолын мэргэжлийн хөтөлбөрт АНУ-д сурч байна. Ядамсүрэнгийн Баяраа гэж “Гэгээн Муза”-гийн хоёр удаагийн шагналт жүжгийн зохиолч бий. Оюутан байхын  л намайг “Хоёулаа жүжиг бичье” гэдэг байсан юм. Одоо би найзаасаа би зөвлөгөө авдаг. Яруу найрагч  Цагаанчулуугийн Дэлгэрмаа найз маань  “Шагундалагийн ертөнц” анхны романаа гаргасан. Ж.Оргил, Хангал гээд найзууд маань жүжгийн болон  кино зохиол бичээд явж байна. Бүлгэмийн тэргүүн, Хэлний бодлогын зөвлөх Н.Нарангэрэл маань хэлний судалгаа их хийсэн, үргэлжилсэн үгийн төрөлд тууж бичиж байна. Ш.Хатанбүүвэйбаатар  мөн үргэлжилсэн үгээр бүтээлээ  туурвидаг.  Ерөнхийдөө бүгд үргэлжилсэн үгийн төрөлд өөрсдийгөө сориод явж байна. Найзуудынхаа энэ урсгал дунд би ямартай ч нэг роман эхлүүлсэн. Ирэх онд дуусгаад ном болгож хавтаслах зорилготой.

-Ярилцсанд баярлалаа, уран бүтээлд нь амжилт хүсье.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ