БАГШДАА ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ
Би олон сайн багшийн гараар эрдмийн эх далайд сэлүүр барих аргад суралцсан багш хүн билээ. Оюунлаг сайхан багш нар дотроосоо нэгэн багшаа онцлон бахархах сэтгэл төрлөө. Тэр багш маань Улаанбаатар хотын Глобал удирдагч их сургуулийн хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Доктор профессор Намсрайн Цэдэвсүрэн багш юм.
Багш маань боловсролын салбарт 54 жил ажиллаж улс орондоо олон сайн боловсон хүчинг бэлтгэж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа үнэлж баршгүй эрдэмтэн багш билээ. Би багшаасаа олон сайхан сургаал, зөвлөмж багшлахуйн арга ухаанаар суралцсаар л байна... Таны сургалтын лекц, хэлэх үг бүр шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээний нотолгоо болсон ойлгохгүй, мартахгүй байхын аргагүй мэдлэгийн сан болж үлддэг. Мөн таны бүтээлч сэтгэлгээ, хандлага багшийн имэж, үлгэр дууриалал бүхэн багш хэмээх сайхан алдарыг тодруулсан хүндэтгэл, сэтгэл зүрхний омогшил бахархалыг төрүүлдэг.
Тиймээ миний багш бол багш хүний бүхий л шинжийг цогцлоон бүрдүүлсэн хүний дээд эрдмийг түгээгч буянтан юм. Мөн зохиолч, судлаач, шинжээч хэлж дуусашгүй эрдмийн уурхай билээ. Таны туурвисан 30 гаруй ном нь ихэндээ боловсролын шинэчлэл, судалгаа шинжилгээний бодит өгүүлэмж , бүтээлч сэтгэлгээний сэдэл болох уран бүтээл байдгаараа онцлог гэж хардаг. Мөн авьяаслаг дуучин, 3 орны хэлээр ярина. Миний мэдэх зүйл энэ, мэдэхгүй олон чадвар давуу тал их л байгаа байхдаа гэж боддог.
Багш маань өөрийгөө хэлэхдээ би дээр үеийн багш гэдэг, угтаа та цаг үе, одоо цагтаа өөрийгөө хувьсан өөрчилж шинэчилж хөгжүүлж чаддаг, боловсролын хувирган өөрчлөлт шийдлийг мэдэрч чаддаг тийм л аугаа эрдэмтэн багш шүү дээ. Миний багш: Алт эрдэнэс үнэт эдлэлээр гангардаггүй Ангын арьс булга минжээр гоёдоггүй Авто машин хөрөнгө мөнгөөр аархдаггүй Миний багш: Эрдэм мэдлэг, оюун ухаанаараа гангардаг Эх орондоо бэлтгэн нийлүүлсэн шавь нараараа бахархдаг Эрхэм чанарлаг хүмүүн заяагаараа гоёдог. Тиймээ эрдэмтэй хүн даруу эх мөрөн дөлгөөн гэдэг ардын сайхан үг байдаг шүү дээ.
Та энэ л сайхан үгийн эзэн сайн багш мину. Би таныхаа замналаар алхах гэж их хичээдэг, өдөр бүр шинийг эрэлхийлж бусдад түгээх гэж , бусдыг үлгэрлэх гэж, эерэг зөв хандлагаар нөлөөлөх гэж , эрдэм мэдлэг оюун ухаанаараа манлайлах гэж, сайн зөвлөгч дэмжин туслагч байх гэж .....гэхдээ таныхаа эрдмийн ухааныг яахан гүйцэх билээдээ. Гэвч тань шиг эрдэмтэн судлаач, эрдмийг түгээгч, зохиолч уран бүтээлч болох мөрөөдлөөсөө ухрахгүй ээ хичээсээр л байх болно. Ийм сайн багш, оюуны хөрөнгө оруулагч, эрдмийн ивээн тэтгэгчтэй юм чинь зорьсон зорилготоо хүрнээ хичээнээ шавь нь .... Эрхэм эрдэмтэн багш таныгаа бахархан шүтэмүй !!!!
Эгэлгүй ариун ухаанд чинь мөргөн сөгдмүй !!!! Багш таниараа бахархсан Баянхонгор аймгийн 11 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Ч.Даваа