Б.ЭНХТАЙВАН: БАЯНГОЛ СПОРТ ХОРООГООР ОВОГЛОСОН БОКСЫН АВАРГУУД БИЙ

Боксын спортод олон сайн тамирчдыг бэлтгэн гаргаж, БАЯНГОЛ спорт хорооны нэрийг медалийн тавцанд байнга дуудуулж яваа багш, дасгалжуулагч, ОУХМ  Б.Энхтайвантай ярилцлаа. 

-Боксын УАШТ-ний найман удаагийн аварга гэхээр та энэ спортод багаасаа орсон уу?

-Багадаа  гар бөмбөг, сагс  тоглох дуртай байсан.1988 онд 18 настайдаа   боксын спортоор хичээллэж эхэлсэн. Боксоор хичээллээд гурван сарын дараа  Улсын аварга шалгаруулах тэмцээнээс  алтан медаль авч байлаа. Түүндээ урамшиж, бас тууштай хичээллэе гэж хичээсэн. Тэгж байтал1990 онд  цэрэгт татагдлаа. Тэндээсээ “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж 10 жил ажилласан. Тамирчнаас “зодог тайлсан” ч дасгалжуулагчийн ажилд шилжиж, энэ спортод  40-өөд жил хүүхдүүдтэй ажиллаж  байна.

-Шавь нар чинь бүгд аварга болсны дотроос Мэргэжлийн боксын дараалсан 13 ялалтын эзэн Э.Цэндбаатар удахгүй 14 дэх тулаанаа хийх гэж байна.Та холбоотой байгаа юу. Та ер нь шавьдаа юуг чухалчилж захидаг вэ?

-Ирэх сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод тулаан болох юм билээ. Бид хоёр цахим ертөнцөд байнга холбоотой байдаг. “Өөрөө удирдаж ажилла, түрүүлж ажилла, санаачилгыг гартаа ав” гэж  байнга захидаг даа. Хамгийн чухал зүйл бол өрсөлдөгч тамирчнаа удирдаж тоглох. Тэгж өөрийн арга барилд оруулж, ялалтыг авна. Миний байнга захидаг зүйл энэ. Манай Цэндээгийн нэг давуу тал бол багаасаа л багшийн хэлсэн, ярьсныг яг хийдэг. Чадна гэсэн бол түүндээ хүрдэг хүүхэд байсан. Одоо ч мөрөөдлөө биелүүлж, санасан зорьсноо биелүүлээд явж байна.

-Ямар ч спортод тухайн тамирчны анхны суурийг  зөв, сайн тавьж өгөх  анхны багшийн үүрэг, хөдөлмөр  зүтгэл их байдаг байх. Э.Цэндбаатар  анх хэдэн настайдаа таны шавь болж байв?

- Бээжин-2008 олимпын наадмаас манай тамирчид алт, мөнгөн медаль ихэрлүүлж, тэр  давлагаагаар олон хүүхэд “Боксчин болно, ирээдүйн аварга болно”  гэж ирсэн. Ерөөсөө намар хичээлийн шинэ жил эхлэнгүүт Спортын ордон, боксын клубууд хүүхдийн хөлд дарагдчихсан. Есдүгээр сарын дундуур 10 орчим насны мяраалаг  хүү цүнхээ үүрчихсэн хүрч ирж уулзсан нь манай Э.Цэндбаатар. Анх харахад авхаалжтай, сэргэлэн хүү харагдсан. Заасан зүйлийг маш сайн сурна. Гүйцэтгэл маш сайн. Рингэн дээр тоглож  байгаа  үеийнхнээ хараад хэнтэй нь яаж тоглохоо өөрөө шийдээд зоригтой  тоглочихдог хүү байсан. Тэр үеэс багш, шавь болж олн тэмцээн уралдаанд амжилттай оролцсон. Одоо ч байнга холбоотой байж, багш шавийн барилдлагатай явж байна.

-Хамгийн анх таныг баярлуулсан амжилт нь юу байв?

- Анхны тэмцээн нь Цэндбаатар над дээр ирж боксоор хичээллэснээс хоёр сарын дараа болсон. Тэр нь боксчин Сэрдамбын Батсүхийн нэрэмжит боксын өсвөр үеийнхний тэмцээн байсан. Тэндээс шууд алтан медаль авсан. Ер нь тэр тэмцээнд манай клубын бусад тамирчид ч амжилттай оролцож, багаараа гуравдугаар байрт орж байсан юм. Цэндээ маань Монголд болсон бүх тэмцээнээс медаль авсан даа. Багшийн хувьд шавийнхаа амжилтад хамгийн их баярласан мөч бол 17 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга болсон мөч. 18 настай болоход боксын холбооноос 18 настанг оруулахгүй гэсэн шийдвэр гараад дараа жилийнх нь улсын аваргын тэмцээнд орж чадаагүй. Түүний дараагийн хоёр улсын аваргаар хоёуланд нь түрүүлж байдаа. Ер нь бол Боксын холбоо тэр жилийнхээ улсын аваргад түрүүлсэн тамирчныг Ази, Дэлхийн аваргад явуулах ёстой байдаг. Цэндбаатар маань 2015, 2016 онд явж чадаагүй. Тэр тэмцээнүүдэд ороод үзчихсэн бол Риогийн  олимпод огт өөр очих байсан гэж  тухайн үед харамсаж явсан үе ч бас надад байдаг.

-Ингэхэд таны анхны багш хэн бэ?

-Миний анхны багш Дорнод аймагт боксын спортын тулгын чулууг тавьж,  “Талын бүргэд” боксын клубыг үүсгэн байгуулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбат юм. Багш маань бүх юм хаалттай үзэл суртлын үед, тэр тусмаа боксын спортын талаар  ойлголт дулимаг, ер нь л танхайчууд цуглардаг газар гэх нь холгүй ярьж хэлж байсан социализмын хаалт, хавчилгыг сөрж, 1980-аад оны дундуур Дорнод аймагт боксын спортыг хөгжүүлэх гэж томилолт өвөртлөн очсон байдаг. Олон хүүхэд, залуусыг энэ спортод дурлуулж, хичээллүүлж, аварга тамирчдыг, цаашлаад багш дасгалжуулагчдыг төрүүлсэн. Тэр цагаас Дорнод аймагт боскын спорт эрчимтэй хөгжиж, өнөөдөр  боксчдынхоо тоогоор ч, тэдний  амжилтаар  ч 21 аймгийг тэргүүлж байна.

-Таныг Дорнодын Энхтайван гэж  шуугиулж гараад ганц цохилтоор өрсөлдөгчөө ялдаг байсан гэж  боксчид ярих юм билээ?

-Залуу байж дээ, бас бяртай байсан байх. Гараад хүч үзэхэд өрсөлдөгчөө  цохиод унагаачихдаг л  байсан. Одоогийнхийг бодвол тэр үеийн боксын  бээлий  нимгэн, бүтэн атгалттай байлаа.

-Өнөөдөр Баянгол дүүрэг 60 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. Та БАЯНГОЛ спорт хорооны боксын багш, дасгалжуулагчаар ажиллаад хэдэн жил болж байна?

-Би 2006 онд Баянгол  дүүргийн Спорт хорооны боксын дасгалжуулагчаар томилогдсон. Тэр үеэс  өнөөдрийг хүртэл  ажиллаж байна. Миний шавь нар  Баянгол спорт хороогоороо  овоглож, бахархаж  явдаг.

-Та ер нь шавь нартаа хэр хатуу шаардлага тавьдаг вэ?

-Ямар ч тэмцээнд оролцож, ялж, ялагдсан маргааш нь бэлтгэлээ заавал хий гэдэг  ганцхан зарчимтай. Ер нь тэгээд  боксоор хичээллэсэн хүн заавал аварга, шилдэг тамирчин болохгүй ч гэсэн зөв үлгэр дууриал авч төлөвшдөг. Боксын спортоор нэгэнт хичээллэж эхэлбэл аяндаа л тухайн хүүхэд, залууст  хүмүүжлийн суурь  суучихдаг. Заавал олон юм хэлж, чихнээс нь хонх уях шаардлага бараг л байхгүй. Боксын спорт өөрөө маш сайн хүмүүжил олгодог.

-Боксчин хүнд байх эрхэм чанарын тухай хэлээч  гэвэл, та юуг нь онцлох  бол?

 -Тэсвэр, тэвчээр, дээр нь хөдөлмөр. Тэвчээртэй, хөдөлмөрч байхад бусад нь болчихно доо.  Бусдыг ялахаас илүү өөрийгөө ялж сурах  чухал. Тэгж байж л амжилтад хүрнэ. Үүнийг шавь нар маань надаар хэлүүлэлтгүй мэдэх болсон. Тиймээс илүү  үг хэлж дараа болохыг  би хүсдэггүй.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ