Их Британийн ерөнхий сайд Энди Бернхэм өнөөдөр (2026.07.27) Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөжээ. Уулзалтын өмнөхөн Бернхэм хэвлэлд мэдээлэл өгөхдөө Их Британи улс Укрианыг "тууштай дэмжсэн" байр сууриа хадгалсаар байх болно гэж мэдэгдсэн байна.
Зеленский өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Бернхэмийн хүлээн авч уулзсан анхны гадаад төрийн тэргүүн болох юм. Энэ нь хоёр орны харилцаа нягт хэвээр байгааг харуулж байна гэж шинжээчид үзжээ.
Талууд мөн Их Британийн тэнгисийн цэргийн баазад зочилохоор төлөвлөсөн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Ингэхдээ Бернхэм шинэ “Stone Cloak” нэртэй электрон дайны системийн оюуны өмчийг Украинд шилжүүлэхээ зарлана гэж онцолжээ. Хэрэв “Stone Cloak”-ийн эрхийг авбал Украин улс уг технологийг дотооддоо олноор үйлдвэрлэх боломжтой болох бөгөөд таблетын хэмжээтэй энэхүү электрон саатуулагч төхөөрөмж нь суурилуулсан дроныг илрүүлэхээс хамгаалах зориулалттай.
Их Британийн Батлан хамгаалах яам өмнө нь ийм төрлийн хэдэн мянган төхөөрөмжийг Украины армид нийлүүлсэн. Цаашид уг технологийг Их Британийн дараагийн үеийн алсын тусгалтай зэвсэг, тэр дундаа "Project Brakestop" хэмээх хямд өртөгтэй далавчит пуужингийн хөтөлбөрт ашиглахаар төлөвлөж байна. Бернхэм, Зеленский нар мөн Их Британид гурван долоо хоногийн турш “Sea Breeze” нэртэй тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцсон Украины 200 гаруй цэргийн алба хаагчтай уулзана. Энэхүү сургуулилалт нь Хар тэнгис дэх байлдааны ажиллагаа болон тэнгисийн мина устгах чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ.
ОХУ Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш Их Британи улс Киевийн гол дэмжигчдийн нэг байсаар ирсэн бөгөөд нийт 25 тэрбум фунт стерлингийн цэргийн болон бусад тусламж үзүүлээд байна. Зеленский Бернхэмийн мэдэгдлийг сайшаан, Украин, Их Британийн бат бөх түншлэл дайны үед ч, дайны дараа ч үргэлжилнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн аж. Харин Бернхэм Их Британи Украинд урт хугацааны, шударга энх тайван тогтох хүртэл дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж онцолсон байна.